Иран улс Ормузын хоолойгоор хөлөг онгоц нэвтрүүлэх болзлоо зарлав
Ормузын хоолойд. 2026.03.22 © REUTERS/Benoit Tessier

Иран улс Ормузын хоолойгоор хөлөг онгоц нэвтрүүлэх болзлоо зарлав


   Иран улс “дайсан улсуудынхаас” бусад орны усан онгоцуудыг Ормузын хоолойгоор нэвтрүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн талаар “Reuters” агентлаг мэдээлэв. Олон улсын далайн байгууллага дахь Ираны төлөөлөгч Али Мусави тус агентлагт хэлэхдээ “Ираны дайснуудтай холбоотой л биш бол аливаа улсын хөлөгт Ормузын хоолой нээлттэй. Ингэхдээ аюулгүй байдлын арга хэмжээг Тегерантай хамтран зохицуулж байж нэвтэрнэ” гэжээ. “Иран улс урьдын адил дипломат арга хэрэгслийг эн тэргүүнд тавина. Гэхдээ халдлагыг нэн даруй зогсоох явдал, харилцан итгэлцэл юу юунаас илүү чухал” хэмээн түүний хэлснийг “Reuters” агентлаг уламжилсан байна. Ормузын хоолойд үүсээд буй өнөөдрийн нөхцөл байдлын шалтгаан нь Америк, Израилын халдлага гэдгийг Али Мусави онцлон тэмдэглэжээ.

   “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, Тегеран, Дели хоёр хэлэлцээ хийсний дараа Ираны Далайн цэргийн хүчин шингэрүүлсэн хий ачсан Энэтхэгийн хөлөг онгоцыг тохиролцсон чиглэлийн дагуу өнгөрөгч 21-ний өдөр Ормузын хоолойгоор гаргасан байна. “Bloomberg” агентлагт хөлгийн багийн гишүүний хэлснээр Ираны цэргийнхэн тэдэнтэй радио холбоо тогтмол барьж, хөлгийн далбаа, багийн гишүүдийн талаарх мэдээллийг авахын зэрэгцээ аюулгүй маршрутыг зааж байжээ.

   Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Ормузын хоолойг 48 цагийн дотор бүрэн нээхгүй бол Ираны цахилгааны станцууд руу хамгийн томоос нь эхлэх дараалалтайгаар цохилт өгч бүрмөсөн устгах болно хэмээн өчигдөр мэдэгдсэн юм.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.